Д.Наранзул: 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас илүү хугацаанд байвал халдвар авах магадлал маш өндөр

ЭМЯ-аас короавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгч Д.Наранзул дараах зөвлөгөөг өглөө.

Тэрээр “Сүүлийн 30 хоногийн хугацаанд Монгол Улсын 21 аймагт коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Ялангуяа халдвар бүртгэгдэж байсан зургаан аймагт өвчлөл бүртгэгдээгүй бүрэн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар хамгийн их идэвхтэй байгаа голомт бол Нийслэлийн голомт байна. Хөл хориог сулруулснаар шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн учир халдвар нэмэгдэх эрсдэл улам нэмэгдсэн. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. 1.5 метрээс дотогш зайд 15 минутаас дээш хугацаанд нэг газар байх нь халдвар авах эрсдэл маш их байгаа. Иймд үсчин гоо сайхны газруудаар үйлчлүүлэхдээ иргэн та цаг авч үйлчлүүлэх хэрэгтэй. Иргэд аливаа нэг газраар үйлчлүүлэхдээ хүн амын бөөгнөрөл үүсгэхгүй байх, хүлээгдэл үүсгэхгүй байх, агааржуулалтыг сайтар хийх халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах шаардлагатай байна.  Түүнчлэн барааны захын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч гэсэн онлайн худалдаа, үйлчилгээг хийх хэрэгтэй гэдгийг аж ахуй нэгжүүдэд анхааруулж байна.

Хүйтэн сэрүүний улирал үргэлжилж байгаа учир ханиад томуугийн дэгдэлт тодорхой хэмжээнд байна. Тийм учир коронавирусийн халдвар, ханиад томуутай зэрэгцэж байгаа энэ үед иргэд эмнэлгээр үйлчлүүлэхгүй байж утсаар зөвлөгөө авах хэрэгтэй.