Х.Булгантуяа: Үндэсний телевизэд өнгөрсөн 4 жилд 9 тэрбум төгрөг олгосон. Аудит хиймээр байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн байнгын хорооны 2020 оны 05 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай /“Үндэсний аудитын газрын 2021 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай”/ асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Х.Баделхан: Зам тээврийн яамны зам ашиглалтын байгууллагуудын тендерийг өмнө нь гурван жилээр шалгаруулаад, гэрээ байгуулаад явдаг байсан. Энэ жилээс аудитын газраас очоод жил бүхэн дүгнэдэг болно гэсэн чиглэл өгсөн байх юм. Ингэж боломгүй байна. Хуучин гурван жилээр нь явмаар байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат: Аудитыг тогтвортой хийх дүрэм журамтай байдаг. Хуучин газраар нь гурван жил тутамд аудит хийгээд явах боломжтой байх.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ оны хувьд хэд хэдэн салбарыг нэмж оруулах саналтай байна. Ялангуяа Үндэсний телевизийн асуудал дээр санхүүжилттэй холбоотой гомдол ажилчдынх нь зүгээс гарсан. Тиймээс Үндэсний телевиз дээр аудит хийх нь зөв. Өнгөрсөн дөрвөн жилд Үндэсний телевизийн техник тоног төхөөрөмжийг сайжруулахад 9 орчим тэрбум төгрөгийг жил бүхэн олгосон. 500 гаруй ажилтантай байж байгаад 700 гаруй ажилтантай болсон. Мөн хувийн сургуулиудад улсаас хувьсах зардал олгож байгаа. Үүнтэй холбоотойгоор аудит хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат: Үндэсний телевизийн олон нийтийн зөвлөл нь өөрөө аудитаа сонгоод оруулдаг. Бидний жил бүхэн хийдэг аудитад эднийх хамрагддаггүй. Хэрвээ байнгын хорооноос санал гаргавал санхүүгийн аудит хийлгэх байх. Мөн манайд нэмж байгууллага өгвөл мөн нэмэлт санхүүжилт шаардлагатай.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Занданбат даргаа Үндэсний телевиз дээр заавал аудит хийнэ шүү. Төсвийн хууль батлагдаад төсвийн харилцаанд ороод явж байгаа учраас  Монголын төр зарцуулсан мөнгийнхөө араас аудит хийх ёстой. Тэгэхээр жагсаалтдаа нэмж оруулаарай.