Дэлхийн бүх улсаар аялсан анхны эмэгтэй: Монгол бол хамгийн гайхалтай орон

АНУ-ын иргэн Кассандра Де Пеколь гэх бүсгүй  18 сар 26 өдрийн дотор дэлхийн бүх улсад зочилж хамгийн хурдан дэлхийг тойрсон гэх амжилтыг эзэмшдэг байна. Мөн тэрээр дэлхийн бух улсад зочилсон анхны эмэгтэй хүн болсон аж.

Кассандра Де Пеколь нь 2012 онд буюу ердөө 23 насандаа НҮБ-д бүртгэлтэй дэлхийн нийт 196 орноор зочлох “Expedition 196” аяллаа эхлүүлэхээр шийдсэн байна. Тэрээр хүүхэд асрагч хийхийн хажуугаар бэлэн хувцасны дэлгүүрт цагийн ажил хийж, аяллын эхний зардал болох 10.000 ам.долларыг цуглуулсан аж. Түүний дэлхийг тойрох аялал нь 2015 оны долдугаар сарын 24-нд эхэлсэн юм. Аяллын явцад блог хөтөлж байсан бөгөөд хандивлагчид болон ивээн тэтгэгчдээс аяллын нийт зардал болох 198.000 ам.долларыг цуглуулсан байна. Кассандра Де Пеколь аяллын явцад түүнээс өмнө хамгийн хурдан дэлхийг тойрсон хүн буюу 2010 онд дэлхийн 194 орноор 39 сар зургаан өдрийн дотор аялсан Азийн аялагч Или Льюгийн амжилтыг эвдэхээр шийдсэн байна. Тэрээр 2017 оны хоёрдугаар сарын 2-нд дэлхийг тойрох аяллаа амжилттай дуусгасан байна.

Түүний аялал бүхэлдээ адал явдалт кино шиг байсан аж. Тэрээр дэлхийг тойрох хугацаандаа нэг улсад хоёроос тав хонож байсан бөгөөд нийт 255 удаа нислэг хийж паспорт нь дүүрсний улмаас дөрвөн удаа гадаад паспортоо сольсон байна. Кассандра Де Пеколь дэлхийн улс орон бүрт үргэлж танихгүй хүмүүст итгэхээс өөр аргагүй болж байсан юм. Түүний хувьд өөр өөр хэлээр ярьдаг олон мянган хүнтэй танилцсан бөгөөд тэдэнтэй ойлголцоно гэдэг хамгийн бэрхшээлтэй зүйл байсан аж.

Кассандра Де Пеколь аялахын хажуугаар олон мянган дунд сургуулиудад зочилж дэлхийн цаг уурын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх талаар сургалт хийж байсан аж. Тэрээр аяллын явцдаа 15 өөр улсад  48 мод тарьсан байна. Мөн өөрийн аяллын туршлагыг хуваалцсан баримтат кино хийх гэж байгаа аж.

Кассандра Де Пеколь дэлхийн бүх улсаар аялсан тэмдэглэлдээ өөрт хамгийн ихээр таалагдсан арван улсыг нэрлэсэн байна. Түүний хувьд Монгол Улс хамгийн ихээр таалагдсан гэж нэрлэжээ. Тэрээр дэлхийн аялагчдыг эдгээр арван улсад заавал аялах ёстойг сануулсан юм. Ингээд Кассандра Де Пеколийн арван улстай танилцъя.

10. АНУ

Миний төрж өссөн эх орон учраас энэхүү жагсаалтдаа оруулаагүй юм шүү. Би дэлхийг тойрон аялахаасаа өмнө Америкаар бүтэн тойрч аялсан юм. Хэрвээ та бүхэн том, том хотуудаар бус байгалийн цогцолборт газруудаар аялах юм бол Америк улс ямар гайхалтай үзэсгэлэнтэй газар нутагтай болохыг мэдэх болно.

9. Коста Рика

Энэ жагсаалтад багтсан Төв Америкийн цорын ганц улс бол Коста Рика юм. Та бүхэн эндхийн дуу хөгжим, зэрлэг ан амьтад, ховор ургамлын зүйл ангиуд болон галт уулуудад дурлах болно гэдгийг батлан хэлмээр байна.

8. Перу

Мөн л энэ жагсаалтад багтсан цорын ганц Өмнөд Америкийн улс юм. Та бүхнийг Мачу Пикчутай ойр орших “Aguas Calientes”-ын өнгөн зэлүүд ширэнгэнд ирж долоо хоног бүх зүйлээс тасран амрахыг зөвлөх байна.

Тайлбар

7. Тунис

Энэ улс бол Африк болон Ойрх Дорнодын аль альнийх нь соёлыг агуулсан орон юм. Та бүхэн далайн эргийн “Sidi Bou Said” тосгонд зочилж археологийн үнэлж баршгүй гайхалтай олдворуудыг харж таашаал авч болно. Миний хувьд энэ газраас тэс өөр зүйлийг мэдэрч нүд нээгдэх шиг л болсон.

6. Оман

Энэ улс газрын тосноос олсон баялгаараа хамгийн сүүлийн үеийн технологиудыг нэвтрүүлсэн хэдий ч хот газрууд нь гайхалтай эртний соёл иргэншлээ хадгалан үлдсэн хэвээр байгаа. Та энд элссэн цөлийг хөндлөн туулж, сүрлэг уул толгод, гайхалтай архитектурын уран барилгууд болон амьдралын хэв маягийг харж болох юм.

Тайлбар

5. Пакистан

Хэдий энэ улс дайн тулаантай, улс төрийн хувьд үймээнтэй боловч надад маш их таалагдсан. Учир нь та эндээс жинхэнэ Азийн соёлыг мэдэрч болох бөгөөд хамгийн гайхалтай хоол энд л байдаг юм. Би Пакистан улсад зочлох гэж дөрвөн сарын турш визээ хүлээсэн. Гэхдээ энэ улсад үзсэн, харсан бүхэн хүлээсэн өдрүүдийг минь талаар болгоогүй юм.

4. Бүгд найрамдах Вануату

Диваажин гэмээр энэхүү арал нь Соломон арлууд болон Фижи аралтай хил залгаа оршдог. Би энд тайвшруулах болон эрч хүч өгдөг “Kava” ундааг хийж сурсан. Мөн тэндхийн ард түмний сайхан сэтгэлд баярлаад ч баршгүй билээ.

Тайлбар

3. Мальдив арал

Энэ арал нь Энэтхэгийн өмнөд тэнгист байрладаг цагаан элс, гүн хөх устай диваажин юм.

2. Бутан

Энэ улс нь Гималайн нурууны зүүн талд байрладаг Өмнөд Азийн орон юм. Энэ улс хамгийн амар амгалан магадгүй амьдрахад хамгийн таатай улс билээ. Гудамж талбай, сүм хийдүүдэд амьдралын жинхэнэ утга учир, мөн чанарыг таних гэсэн олон мянган эгэл даруу хүнтэй таарч болно. Далайн төвшнөөс дээш 3.120 метрт байх Paro Taktsang хийдэд заавал зочлох хэрэгтэй. Хийдэд хүрэх зам яг л үүлэн дээгүүр алхаж буй мэт мэдрэмж төрүүлж өөрийн эрхгүй зүрх хүчтэй цохилж нулимс дуслуулж байснаа нуух хэрэггүй биз ээ.

Тайлбар

1. Монгол

Орос болон Хятадтай хиллэдэг энэ улсыг хамгийн энгийнээр дүрсэлбэл дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар нутаг гэж хэлж болох юм. Техник технологи, тэнгэр баганадсан барилгуудаас алс хол зэрлэг онгон байгальд сүр жавхлантай морь хөлөглөн говь цөл, хангай талд аялна гэдэг юунаас ч илүү аз жаргал. Би үүнээс илүү юуг хүсэж болох вэ? Миний хувьд Монголоос илүү сайхан газрыг хаана ч хараагүй. Монгол бол хамгийн гайхалтай орон. 

Кассандра Де Пеколийн хувиан Инстаграм хаяг: https://www.instagram.com/cassiedepecol/?hl=en

Эх сурвалж: Thecostaricanews