Анх-Отгон: Монголд эмчлүүлсэн нь их аз, ХӨСҮТ-ийн эмч нартаа итгээрэй, мундаг чадвартай шүү

Манай улсад коронавирусийн 38 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр нь бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлууд юм. Монгол Улсын анхны тохиолдол болох Франц улсын иргэн ХӨСҮТ-д 47 хоног эмчлүүлэн, бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан. Тэрээр маргаашийн Улаанбаатар-Франкфурт чиглэлийн тусгай үүргийн нислэгээр нутаг буцах гэж байна. Франц улсын иргэнийг Монголчууд "Анх-Отган" гэдэг нэр өгч, хэдийнэ олны танил болоод байгаа. Түүнтэй “ТВ5” телевизийн хамт олон гар утсаар холбогдон ярилцсаныг та бүхэндээ эмхтгэн хүргэж байна.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны бие сайн байна уу. Эдгэрээд эмнэлгээс гарсанд нь баяр хүргэе. Таны эдгэрсэн нь энэ долоо хоногийн хамгийн сайхан мэдээ байлаа?

-Сайн байцгаана уу. Би ХӨСҮТ-ээс гарлаа. Маш их баяртай байна. Одоо миний биед вирус байхгүй, ямар нэгэн шинж тэмдэг, зовуурь байхгүй гэдэг нь нотлогдсон. Энэ нь намайг гардаж эмчилсэн Ц.Чинбаяр эмчтэй баг хамт олны маш сайн ажлын үр дүн юм. Миний баярласан сэтгэлийг илэрхийлэх боломж олгосон та бүхэнд баярлалаа.

-Монголчууд бүгд таныг хурдан эдгээсэй гэж хүсэж байсан. Анх-Отгон гэдэг нэрийг хүртэл хайрласан. Та нэрнийхээ утгыг тайлбарлуулж авсан уу?

-Эхлээд би ерөөсөө ойлгоогүй. Эхнийх төгсгөлийнх гээд л. Манай соёл, зан заншилд ийм ойлголт байхгүй. Тэгээд манай орчуулагч нарийвчлан тайлбарлаж өгсөн юм. Монголын коронавирусийн эхний бөгөөд эцсийн тохиолдол байгаасай гэж билэгдэж өгсөн гэдгийг сонсоод би их баярласан. Монголын ард түмний халуун дулаан сэтгэл энэ нэрээс мэдрэгдсэн. Монголын ард түмэн намайг өргөөд авчихсан. Би яг л монголын өргөмөл хүүхэд болчихсон шиг сэтгэгдэл төрсөн. Харамсалтай нь би эцсийнх байж чадсангүй. Гадаадаас эргэж ирсэн олон монголчууд энэ вирусээр өвчилсөн байсан. Гэхдээ би нэг л зүйлд эргэлзэхгүй, бат итгэлтэй байна. ХӨСҮТ-ийнхөө эмч нарт итгээрэй, эмчилгээндээ итгээрэй. Танай эмч нар бол маш мундаг чадвартай. Бүгдийг нь эдгээж чадна гэдэгт бат итгэж байна.

-Эмчилгээний туршид монголын ард иргэд таны төлөө маш их сэтгэл гаргасан. Бяцхан охин захиа бичсэн, шар тос зөөсөн гээд л. Үүнээс таны сэтгэлд үлдсэн дурсамжаас хуваалцаж болох уу?

-Монголчуудын зүгээс маш олон мэндчилгээ, урам зориг өгсөн халуун дулаан үгнүүд ирж байсан. Захидал, хүүхдүүдийн зурсан зургууд, бэлэг хүртэл явуулсан. Эмч нар миний махан биеийг эмчилж байсан бол энэ бүх халуун дулаан зүйлс миний сэтгэл зүрх, оюун санааг давхар эмчилсэн. Сэтгэлийн эмчилгээ дэм болж байсан. Энэ бүх хүмүүсийг би жагсаагаад хэлмээр байна. Гэхдээ энэ маш урт жагсаалт болно.

-Таныг монгол эмч нар 47 хоног эмчиллээ. Таны бие маш хүнд байсан. Гэтэл нутаг буцахгүй эндээ эмчлүүлнэ гэсэн. Та анхнаасаа эмч нартаа итгэж байсан уу, яагаад буцахгүй гэдэг шийдвэр гаргав?

-Намайг өвчтэй гэж оношлогдох үед нутаг руугаа буцах боломж, сонголт байсан. Үүнд манай элчин сайдын яам маш их хичээж ажилласан. Дээрээс нь манай компанийн зүгээс дэмжлэг үзүүлсэн. Ингээд надад яаралтай онгоцоор буцах саналыг тавьсан. Энэ үед би монголын эрүүл мэндийн тогтолцоотой танилцаад, ойлгосон. Тэгээд итгэж болох юм байна, эндээ эмчлүүлье гэдэг шийдвэрийг гаргасан.

Энэ итгэл надад аль хэдийнээ төрчихсөн байсан. Өмнө нь компанийн шугамаар ирж ажиллаж байхад Монгол Улсын Засгийн газар, шийдвэр гаргагчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваад эхэлчихсэн байсан. Байгууллага хамт олны хүрээнд байна уу, хувь хүмүүсийн хүрээнд байна уу маскаа зүү, гараа угаа, эрүүл ахуйн дэглэмүүдийг барь гэдэг шаардлагуудыг тавьж, анхаараад эхэлчихсэн байсан. Энэ үед Европын холбооны гишүүн улсууд ялангуяа манай оронд их тайван байсан. Яг юу хийх талаар манай Засгийн газар, удирдагч нар шийдвэр гаргаагүй үе байсан. Тэгэхээр би энд арга хэмжээ авчихсан юм чинь далайцтай тархаагүй байгаа гэдэг таамаг надад байсан.

Миний хамгийн онцолж хэлэх хүн бол Ц.Чинбаяр эмч. Намайг хүлээж авсан тэр харилцаа, хандлага, мэргэжлийн ур чадвар үнэхээр сайн. Дээрээс нь бид хоёр англи хэлээр чөлөөтэй харилцаж байлаа. Тиймээс ямар нэгэн саад бэрхшээлгүй, бүрэн ойлголцож чадсан. Ц.Чинбаяр эмч өвчтөнөө эдгээхийн төлөө маш их уншиж судалж, гадны эмч нараас асууж байсан. Нэг удаа Францын эмч нартай цахим уулзалт хийсэн. Уулзалтаар Франц эмч нар надад “Монгол эмч нартай санал солилцлоо. Чи монгол эмч нартаа итгэж болно. Айгаад хэрэггүй. Наад эмч нар чинь дэлхийн хэмжээний чадвартай эмч нар байна” гэсэн. Би Ц.Чинбаяр эмчийн багт туйлаасаа баярлаж байна. Би гаргасан шийдвэртээ огт харамсаагүй. ХӨСҮТ халдварт өвчтэй хүнийг яаж эмчлэх, яаж тусгаарлах, халдварыг яаж гадагшаа тархаахгүй байх талаар маш өндөр мэдлэгтэй юм билээ. Яг л протокол горимоороо багаар ажиллаж байсан. Тиймээс би маш итгэлтэй байсан. Энд үлдэж эмчлүүлсэн нь их аз.

-Франц улс өвчний голомт болоод байна. Та гэр бүлдээ санаа зовж байгаа байх. Танай гэр бүлийнхэн ямархуу байгаа вэ. Маргааш нутаг буцаж, хайртай дотнын хүмүүс дээрээ очих гэж байгаа сэтгэгдэл хэр байна?

-Манай эх оронд байдал үнэхээр хэцүү байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн коронавирусээс шалтгаалж 23 мянган хүн нас бараад байна. Үүнийг сонсоод надад үнэхээр хэцүү байгаа. Миний эхнэр Парис хотын эмнэлэгт ажилладаг. Эмнэлэг бол хамгийн өндөр эрсдэлтэй орчин. Би гэрийнхэндээ, эхнэртээ их санаа зовж байна. Эхнэр минь халдвар авчих вий, хүүхдүүддээ халдаачих вий гэж их санаа зовж байна. Азаар шинжилгээний хариу нь сөрөг гараад явж байгаа. Эхнэр минь эмнэлэгтээ ажлаа үргэлжлүүлж байгаа. Энэ завшааныг ашиглаад Монгол Улсын Гадаад харилцааны сайдад баярласнаа хэлмээр байна. Намайг өвчтэй байхад ар гэртэй минь холбогдож сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн. Тиймээс маш их баярлаж байгаа шүү.

-Нийт монголчуудад хандаж юу гэж хэлмээр байна?

-Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ талархалгүй яахав дээ. Энэ хүнд үед надад амаргүй байсан. Гэхдээ үүний ачаар би монголын ард түмнийг илүү их сайн танилаа. Монголын ард түмэнд илүү их хайрлагдлаа. Тиймээс та бүхэндээ маш их баярлалаа.

-Ярилцсанд маш их баярлалаа. Танд эрүүл энх, аз жаргал хүсье.