ХЭҮК: УОК уялдаагүй, чиглэлгүй, хүнлэг бус ажиллаж байна

Нэгдүгээр төрөхөөс коронавирусийн халдвар илэрч, дөнгөж амаржсан эхийг ХӨСҮТ рүү зөөвөрлөн шилжүүлэхдээ өвлийн тэсгэм хүйтэнд углааш, халадтай гаргасан асуудал олон нийтийн бухимдлыг төрүүлээд байгаа билээ. Энэ асуудалтай холбоотойгоор Хүнийн эрхийн үндэсний комиссоос /ХЭҮК/ мэдээлэл өглөө. 

ХЭҮК-ийн гишүүн Г.Нарантуяа:  ХЭҮК-оос өчигдөр болсон үйл явдлын мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авч, газар дээр нь  очиж шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна. Нэгд, тухайн эх хүүхэд аюулгүй байгаа эсэх хяналт тавьж, мэдээлэл авлаа. Ямар өрөөнд, ямар байдалтай байгаа, хоол хүнсний наад захын хэрэгцээ хангаж чадаж байгаа эсэхээр ХӨСҮТ дээр ажиллаж хяналт тавилаа. Үүссэн нөхцөл байдлын талаар УОК-ын дарга Б.Ууганбаяраас мэдээлэл авч, тодруулсан. Дараа нь 11.11 цагт ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү даргатай холбогдож, эх хүүхдийн эрүүл мэндийн талаар мэдээлэл авсан. Одоогоор ХӨСҮТ-ийн онцгой хяналтад эх хүүхэд байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байна гэсэн мэдээлэл өгсөн. Өнөө өглөө аав нь эх хүүхэд хоёртоо хамт тусгаарлагдсан. Хоёр цаг тутам шар будаатай цай, хонины шөл өгч,  ЭХЭМҮТ болон Нэгдүгээр төрөхөөс нярай эмч нар очиж, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа мэдээллийг өгсөн. Бид одоо үүссэн асуудлаар Өргөө амаржих газраас тайлбар авна. Мөн амаржсан эмэгтэй болон гэр бүлийнхэнтэй нь холбогдож тайлбар авна. 

ХЭҮК яагаад ийм нөхцөл байдал үүсэв гэдэг дээр үнэлэлт дүгнэлт хийж байна. Дүгнэлт хийхийн тулд талуудын тэнцвэртэй дуу хоолойг сонсох ёстой байдаг. Бид холбогдох хүмүүсээс тайлбар авсны үндсэн дээр урьдчилсан байдлаар бид энэхүү нөхцөл байдлыг тогтолцооны асуудалтай холбож байна. Тухайн нэгж дээр ажиллаж байгаа, тусгаарлалтын үйл ажиллагаа зохион байгуулж, үүрэг өгч байгаа гээд бүх төвшинд уялдаагүй, чиглэлгүй ажиллаж байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. ХЭҮК-оос уялдаатай, хүнлэг, энэрэнгүй ажиллахыг шаардаж, зөвлөж байгаа. Газар дээр хяналт шалгалт хийх ажлыг үргэлжлүүлнэ" гэлээ.